Tuesday, February 19, 2013

Rochas эргэж ирсэн нь, ба тархиа цэнэглэх сезон

Хов жив хөөцөлдөгч, цуурхал шивэр авир хийсэн сэтгүүлүүдийн хуудсуудыг алгасалгуй бөөндсөн брэндүүдийг харахаар бөөлжис цутгаад нэг хэсэгтээ л фешн-д сэтгэл хөрсөн боловч дахин өөрийнхөө онгодыг олсноо та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Louis Vuitton, Chanel, Dior -ын цунхийг бид өнгө, өнгөөр нь “бөөнддөгөө” хэзээ болих юм бэ? Бид үнэхээр тийм фешн-д тайлагдаагүй гарууд юм уу эсвэл бид мэдрэмжээ өөр нэг тийм ахуйн сэтгэлгээ дээрээ тулгуурлан хөгжүүлээд байна уу? Америк хүүхнүүдийн мэдрэмжийг ажиглахад, ямар нэг даашинзыг ямар хямд үнээр олж авснаа ярих дуртай, Орос хүүхнүүд өөрсдийгөө эрчүүдэд зориулж хувцасладаг гэж гайхуулж байхыг хэдэнтээ сонссон, Англи бүсгүйчүүд уламжлал, чанар эрэлхийлнэ, үсрээд л тэр дэглэмээ эсэргүүцэгч радикал урсгалыг шүтнэ (McQueen, Westwood?), гэтэл бидэнд өөрсдийнхөө мэдрэмжийг эргээд reference хийх буюy хамааруулах өнцөг байна уу? Зүгээр халуун байхыг хүсч байна эсвэл ялдамхан байхыг эрхэмлэнэ гээд орхивол магадгуй их амархан л даа. Үсрээд л хөөрхөн, эгдүүтэй, халуун, гоё гэдэг тодотгол гишүүн зүүнэ. Манай бүсгүйчүүд арай зоригтой баймаар юм шиг санагдаж байна. Бидний дотоод ертөнцийн мэдрэмж, чадал, энерги, бүх оюуны потенциаль зүгээр нэг эгдүүтэй гэсэн боомилсон хэв маягт ороход хангалттай гэжүү? За ингээд гомдол, нэхэл, шүүмжлэл хүртээд байхыг бүсгүй та хүсээгүй байх. Та гэлтгүй би ч гэсэн нэг ёсны фешн депресс-нд хэсэг хугацаанд орж манан буданд төөрж явснаа сая анзаарч байна. 2006 онд Оливье Тэйскен-ыг Rochas-аас халж тус брэндийг дахин ажилуулахгуй хэмээн шинэхэн худалдан авсан эзэд нь мэдэгдэхэд за ингээд фешн арт ерөнхийдөө утгаа алдаж байгаа юм байна л гэж бодоод өнгөрч байснаа санаж байна. Тэрнээс хойш нөгөө байдаг хэдэн л гарууд хийдгээ хийгээд л дундуур ганц хоёр үхэл болоол амьдрал үргэлжилсээр, хувцыг нь тэр болгон худалдаж авч чадахгуй ч ядахдаа амтархаж сонирхох шинэ загвар байхгуй юм шиг санагдаад. Ядахдаа миний сэтгэлд нийцдэг стиль их цөөхөн. Тэгээл глобал брэндийн хүчирхийлэлд автагдаад л амьдраад л байлаа гэж би бодов. Харин саяхан Лондон орох боломж олдож тансаг дэлгүүрийн нэгэн цонхонд Rochas-ийн шинэ загварын хувцас байхаар нь сонирхоод ороод үзэв. Тэйскэн биш ч их шинэлэг мөртлөө маш хатуухан, ширүүхэн хардаг хүүхнийг санагдуулам даашинз, банзалнууд харагдав. Гэртээ эргэж ирээд -ийн 2012-2013 оны намар өвлийн загварын тоглолтыг Каллас-ын дуулсан Верди-ийн Noi Siamo Zingarelle арияг сонсонгоо амтархан үзэв. Үзэж дуусаад Эмманүэль Кант-ын хэлснийг одоо л ухаарлаа. Бид гоо үзэсгэлэнгээс өөрсдийгөө хайдаг юм байна. Үүнд глобал брэндүүд биднийг хүчирхийлээд байгаа ч юм биш бидний ихэнх нь өнөө үед зүгээр л sexy байхыг л эсвэл нэг тийм буржуа буюу дундаас дээш давхаргын тав тухтай статус-даа хөлбөрөх дуртай болчихсныг брэндүүд мэдрээд л бидэнд зориулж бүтээлүүдээ гаргаад байх л даа.. Ихий г эрэлхийлж өөрийгөө зовоож ч яхав дээ, зугээр л амархан амьдар, жарга гэдэг лозунг модонд оржээ. Туркын зохиолч Орхан Памук романдаа Туркын бэнчин сайтай гэр бүлийн охидууд 60, 70-аад онд Парисын Сорбонн-ыг мэдлэг олох гэж зорьдог байсан бол өнөөдөр брэндийн цунх хямдаар худалдан авч, цамхагийн доор гэрэлтсэн царайтай патериа татуулах гэж зорьдог болжээ хэмээн харуусангуй ажигласан байдаг. Rochas-ын шинэ сезоныг урласан Марко Занини чухам тэр Памук-ын бичдэг мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийсэн хэрнээ эцэст нь яалт ч үгүй бэнчинтэй учраас хувь заяатайгаа эвлэрэн хамгийн ер бусын, үнэтэй оюунлаг хувцасыг эрэлхийлдэг бүсгүйчүүдэд зориулaн чухам тэр мэдрэмжийг яг гаргаж чадсан нь бахадмаар. Би мэдээж хэрэг шууд авч дийлэхгүй ч харахад бас юм бодогдуулам мөн чухам нэг тийм бодлыг гаргаж чаддаг фешнийг хүндэлдэг ба эгэл бидний амьдралыг амттай болгодог гэж боддог.

Тоншуул

Сүүлийн үед ном зохиол, сэтгүүл, вэб хуудсууд дээр тавигдаж буй нийтлэлүүдийг сөхөж харахад ердөөсөө хоёрхон л урсгал анзаарагдаад байх шиг; ууртай ба уургүй бүлэглэл. Уургүйчуудын бүлэглэлд голдуу “Шинэ монгол” хэмээх сүүлд гарч ирсэн хурдан баяжигч нийгмийн давхаргынхныг магтан дуулагчид багтах юм. Тэд шинэ монголчуудыг хоймортоо залж, ер нь хүн болж заяаснаас хойш хүний амьдрал зөвхөн материаллаг соёл дээр тулгуурлан амьдрах ёстой мэтээр зааварчилж, шинэ мөнгөтнүүдийн өмссөн зүүсэн, унасан эдэлсэн, барьсан байгуулсныг бишрэн даган баясна. Харин ууртайчуудын бүлэглэлд голдуу нийгмийн хөгжил дэвшилд бухимдангуй ханддаг эсвэл өөрсдийн ёс жудагтаа баригдан ууж идэж чадаагүй, хүсээ ч үгүй, хэдэн чалхаа алдсан Монголын хөөрхий сэхээтнүүд давамгайлдаг нь ажиглагдаж байна. Үүнээс үүдээд сэтгүүлзүй ба бичиг зохиолуудад нэг талаасаа хөнгөмсөг материалист соёл нөгөө талаасаа гутрангуй меланхолик өнгө аяс хоёр л давамгайлах болжээ. Ингээд л нийгэмд эсвэл нэг л их уурласан бухимдсан, эсвэл гэнэн оптимизмоор оюун ухаанаа хоосруулж баяссан хүмүүс. Бухимдсаар, эд мөнгөний хойноос хөөцөлдсөөр байгаад Монголчууд бид сайтар инээж ч чадахаа больсныг би энд дурьдмаар байна. Социализмын үед Тоншуул гэдэг сэтгүүл гардаг байж билээ. Манай гэрийнхэн дугаар бүрийг алагсалгүй захиалж, харин би хүүхэд байсан болохоор нийгэм улс төрийн шинжтэй шүүмжлэлийг нь ойлголгүй дэмий л шог зурагнуудыг нь сонирхон үздэг байж билээ. 80-аад он гэхэд 120 мянган хувь хэвлэгддэг байсан уг сэтгүүл өнөөдөр харин байгаа үгүй нь мэдэгдэхгүй манан будан болсон. Үүнд гэхдээ би сэтгүүлийн эрхлэгч, эздийг буруушаамааргүй байна. Эцсийн эцэст уншигч, захиалагч байхгүй бол ямар ч утга зохиол оршин тогтнох болмжгүй гэсэн хэвлэлийн капитализмын энгийн хууль үүнд үйлчилсэн буй за. Миний сонирхож буй асуудал харин нийгмийн хошигнолыг сонирхогч, уншигч нар маань хаачив? Тэд нар маань МҮЭСТО ба СТӨ-д сар улирал алгасалгүй зохиогдох шог гараа хэмээх нийгмийн хошигнолын хялбар хэлбэрлүү хөлбөрчихөв үү эсвэл соц үеийн хяналт хэрэггүй болсон чөлөөт хэвлэлийн хашгираанд залгиулчихав уу? Нийгмийн асуудлудын наадхи цаадхыг ойлгодог, тэгсэн мөртлөө тэднийгээ хошигноод шүүмжилчих чадвартай, үгүй юмаа гэхэд хурц хошигнолыг ойлгож чаддаг уншигч нар маань хаана байна вэ? Бид шүүмжлэл бичээд л уурлаад л байдаг, харин нийгмийн хошигнол зохиох урлагийг бүүр умартжээ. Инээд хамгийн хүчтэй зэвсэг, тэр тусмаа аливаа нийгэмд буй дарангуйлал, шударга зүй бус ёсыг шүүмжлэх шилдэг арга бол шог элэглэл байдаг. Дэлхийн түүхэнд, Ромын засаглалын эсрэг, Католик шашинтнуудын ялзрал, Францын хувьсгал, эцэст манай Монголын түүхэнд социалист гажуудлуудыг шууд бус ёжлох арга нь үнэхээр нийгмийн хошигнол байсан. Өнөөдөр бид хэвлэлийн эрх чөлөө болон үг хэлэх эрхийг маань хориогүй нийгэмд иймэрхүү шууд бус шүүмжлэлийн хэрэг байна уу хэмээн бодож болно. Бид дуртай үедээ улс төрчдөө муулчихдаг, дураа хүрэхээр толгойг нь илээд авдаг, ямар нэгэн хорио цээргүй нийгэмд инээд юунд хэрэгтэй вэ? Миний хариулт бол яг үнэндээ маш энгийн: “ Уурлахаас залхаж байна би”. Би зүгээр нэг шар хэвлэл, болсон болоогүй блог-оор ноцолддог, тэгсэн мөртлөө уншсан ном даанч цөөхөн, сурсан мэдлэг дэндүү нимгэн, өмсөх зүүх, унах эдлэх материалын ертөнцөөр амьдралаа төсөөлдөг, өчүүхэн даган баясагч байхыг хүсэхгүй байна. Нөгөө талаас өглөө босоод л амьдарсан амьдралдаа гомдож, төр улсаа зүхсэн хоосон эргэн дурсахуйд автагдсан чалхгүй сэхээтэн ч байх хүсэл алга. Харин эрдэм мэдлэгийг эрэлхийлэгч, нийгмийн үнэт зүйлийг бүтээгч шинэ үеийн сэхээтэн уншигчийн хувьд илүү мэдрэмжтэй, нарийн шүүмжлэлийг эрэлхийлж байна. Биднийг түм уурлаад, мянга Сүхбаатрын талбайн өмнө жагсаад манай нийгэм биднийг сонсохоо нэгэнт больсон мэт. Үндсэн хуулиараа чөлөөтэй дуу хоолойгоо хүргэх эрх нь баталгаажсан орны олон сая бархираанд хурц шүүмжлэл голоо олж цохилт өгч чадахгүй байгаад л хамар учир байна. Тиймээс бид аливаа нийгмийн гажуу үзэгдлүүдийг зөвхөн уурсан шүүмжлэхээс гадна, шоолж, инээж, өдөж ярилцаж сурах хэрэгтэй юм шиг. Ичсэн хүн, хүн алдаг гэгчээр, манай нийгэмд нэгэнт тогтоод байгаа зогсонги байдалд цочроо өгөх зэвсэг нь нийгмийн боловсронгуй ёгтлол тохирох ч юм билүү?